ДАРХАН ХҮНС

“Дархан Хүнс” ХК нь Дархан хотын Хүнсний комбинатыг зах зээлийн эдийн засгийн нөхцөлд зохицуулан ажиллуулах шаардлагыг үндэслэн 1993 онд Хувьцаат компани болгон өөрчилөн зохион байгуулах замаар үүссэн компани юм.

Дархан хотын Хүнсний комбинатыг хуучин ЗХУ-ын техник-эдийн засгийн тусламжтайгаар барьж байгуулан 1971 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ашиглалтанд оруулж хүлээлгэн өгсөнөөс хойш даруй 40 гаруй жил болжээ. Энэхүү үйлдвэр нь Дархан хотын хөдөлмөрчдийг төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнээр хангах зориулалтаар иж бүрэн цогцолбор хэлбэрээр байгуулагдсан бөгөөд түүний бүрэлдэхүүнд талх, нарийн боов, чихэр, сүүний үйлдвэр, авто аж ахуй, механик цех ажиллаж байна.

“Дархан Хүнс” ХК нь үйлдвэрлэлийн техник-технологи, материаллаг бааз сайтай, дадлага туршлагатай мэргэжлийн ажилчидтай, нийт ажилчдын 40% нь 20-30 жил ажилласан мэргэшсэн ажилчид бөгөөд бүс нутгийн хэрэглэгчид нь бүтээгдэхүүнийг нь сайн мэддэг зэрэг давуу талтай.

2012 оны байдлаар манай компаний үйлдвэрлэлт борлуулалт өмнөх оныхоос 30,2%-иар нэмэгдэж бүтээгдэхүүний технологи, чанар, өнгө үзэмж, сав баглаа боодлыг өөрчилөн сайжруулснаар орон нутгийн нийт зах зээлийн 70 гаруй хувийг дангаараа хангаж байна.

Хүн амыг хүнсний нэмэлт химийн бодис агуулаагүй эрүүл хүнсийг, эх орондоо бэлтгэсэн чанартай түүхий эд материалаар чин сэтгэлээсээ үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэх эрхэм зорилгынхоо хүрээнд, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор компаний Хувьцаа Эзэмшигчдийнхээ тус дэмжлэгээр 2012 оныг хүртэлх хугацаанд 650 гаруй сая төгрөгийн техник технологий шинэчлэлт хийж:

  • Япон болон Хятад улсаас оруулж ирсэн техник тоног төхөөрөмжөөр 6 нэр төрлийн сүү сүүн бүтээгдэхүүн, “Цасхан” брэндийн үнээний цэвэр сүүний 7 нэр төрлийн зайрмаг
  • Франц улсаас оруулж ирсэн тоног төхөөрөмж болон технологиор шинэ брэнд “Франц талх” болон 7 нэр төрлийн талх
  • Итали улсаас оруулж ирсэн тоног төхөөрөмж болон технологиор тансаг зэрэглэлийн “Итали” брэндийн нарийн боов болон 35 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн та бүхний гар дээр хүргээд байна.