Озоны давхаргын цоорхой аажмаар нөхөгдөж, 2066 онд бүрэн битүүрэх төлөвтэй байгааг НҮБ мэдээлжээ

Антарктид тивийн дээр үүссэн дэлхийн агаар мандлын озоны давхаргын цоорхой аажмаар нөхөгдөж байгаа ба 2066 онд бүрэн битүүрэх төлөвтэйг НҮБ-аас гаргасан судалгааны шинэ тайланд мэдээлжээ.

35 жилийн өмнө дэлхийн улс орнууд озоны давхаргад сөргөөр нөлөөлдөг химийн бодисыг үйлдвэрлэхээ зогсоох тохиролцоонд хүрснээс хойш эрдэмтэд дөрвөн жил тутамд үүссэн цоорхойн төлөв байдлыг шинжилж, тайлан гаргадаг болсон юм.

Озоны давхарга нь дэлхийн амьд ертөнцийг сансрын хорт туяанаас хамгаалах үүрэгтэй агаар мандлын нэг үе юм.

“Стратосферийн дээд хэсэг болон озоны цоорхойд байдал сайжирч байгааг бид тогтоолоо” гэж судалгааг ахалсан эрдэмтдийн нэг Пол Ньюмэн хэлжээ.

Газрын гадаргаас дунджаар 30 км өндөрт байдаг озоны давхарга 2040 он гэхэд 1980 оны түвшиндээ хүрэх, 2066 онд бүрэн нөхөгдөх тооцоог эрдэмтэд гаргасан байна.

1987 онд байгуулсан Монреалын протоколоор дэлхийн улс орнууд хөргөгч, агаар цэвэршүүлэгч зэрэг бүтээгдэхүүнүүдэд ашигладаг химийн бодисыг хориглох тохиролцоонд хүрсэн байдаг.

Озоны давхаргын цоорхойд хамгийн их нөлөөлдөг хоёр химийн бодисын нэг хлорины хэмжээ 1993 оны оргил үеэсээ 11.4 хувиар, бромины хэмжээ 1999 оны оргил үеэсээ 14.5 хувиар багассаныг шинэ тайланд мэдээлжээ.

Озоны давхарга нөхөгдсөнөөр жил бүр 2 сая хүн арьсны хорт хавдраар өвчлөх эрсдэлээс сэргийлэх боломжтойг НҮБ мэдээлжээ.

 

Эх сурвалж: Associated Press